<!--[if gte mso 9]>
Тэр орой. Зүсэр борооны дараах солонго татсан улбар орой байсан. Тэнгэрийн хаяан дахь одой морьд хэлбэртэй сэмжин ягаан үүлсийг ажиглангаа эгээ л тэнгисийн ус шиг гүн цэнхэрхэн цөөрмийн алаг эрээн загаснуудыг хооллож. Оюу ногоон зүлгэн дээр дэлгэсэн шав шар бүтээлэг. Голт борын цэцэг шиг хөх-ягаан даашинзтай би. Хамран дээр суусан алтлаг эрвээхийтэй хөөцөлдөж. Бүлээн гар хацрыг минь илбэхэд эргээд хартал час улаан!!!
Дулаахан зуны орой. Даашинз нэвт норсон ч дагжин чичрээгүй, учир нь бүлээн салхитай байсан. Харин гар хөндүүрлэнэ. Харвал цус дусах. Тас атгасан гарт минь цагтаа час улаан байсан хатсан сарнай. Дэлбээ бүртээ өнгө үзэмж агуулсан, тансаг гоо сайхнаа гайхуулж асан сарнай цэцэг байсан гэхэд итгэмгүй хорчийсон бор мөчир, үзүүрт нь хэдэн үрчгэр шар дэлбээ. Харин өргөс нь байнаа, байх байхдаа анх ямар байсан бүр яг хэвээрээ шүү! Дуу алдан тосч авсан сайхан цэцгийн өргөс часхийтэл хатгахад өвдөж цочсондоо дуу алдсансан. Одоо бол цочроо арилжээ. Хуучин сарнай байсан одоо бол үзүүртээ хатсан шар дэлбээтэй бор мөчрийг атгах тусам өргөс нь гүн зоогдох. Аажуухан дуслах цус л гундсан дэлбээг будна. Үгүй би хаяхгүй, үлдсэн ганц зүйл юм чинь түүнээс...
Гоо сайхан. Тэр ч, би ч, амьдрал тэр чигээрээ дэндүү үзэсгэлэнтэй. Тоолж барамгүй олон өнгөтэй. Бүх юм болдог бүтдэг хорвоо. Буруу зүйл бурууддаггүй ертөнц. Юунаас ч татгалзаж чадамгүй үедээ дурлал гэдэг гашуун бус нялуун дарснаас хүртсэн. Толгой эргэсэн. Удирдлагаа алдсан. Залуу халуун. Хэзээ ч газар гишгэж үзээгүй үе. Нүд нээлттэй мөрт сохор цаг. Уурласан ч гомдсон ч инээдэг хором. Зүрхний цохилтоо чагнаж, зүгээр л дүрийг чинь төсөөлж догдлох мөч...
Одоо. Хорвоо дэлхий тэр чигтээ гундмал завсрын өнгөтэй. Бор, саарал, хүрэн, шаргал, бараан, цэгээн тэгээд бас хар цагаан. Бүгд буруу, бүгд гунигтай, бас өмхий. Ганган хүүхний уруулын будаг, гүйцэд боловсорсон бөөрөлзгөнө, гудамжаар сүлжилдэх таксинууд ч бүгд бүдэгхэн өнгөтэй. Бүдэг энэ ертөнцөд ганцхан тод өнгө бий. Улаан. Гэхдээ чиний цэцэг биш, тэр хамгийн бараан нь. Энэ ертөнцөд миний цус л зөвхөн час улаан.
-Бүлээн гараар хацар илсэн. Эргээд хартал чи час улаан сарнай атгачихсан зогсож байсан. Өнгө нь хорвоогийн бүх өнгийг уусгахаар тод. Үнэр нь хамгийн сайхан сүрчигийг ч дарахаар хурц. Эргүүлгэнд нь бодол төөрмөөр гүнзгий. Дэлбээлж гүйцсэн улаан сарнайг хамгийн сайхан цэцэг юм байна гэж тэгэхэд би бодсонсон. Сайхан үзэмжинд нь татагдаад шүүрэн авахад сарнайн өргөс хатгаж. Цочсон би дуу алдаж. Харин цус дусалж амжаагүй. Чи хурууг амандаа хийн цусыг сорсон. Тэр үед би дусал цусаа харсан бол хорвоо дээр сарнай цэцгээс гүн улаан өнгө байдаг гэдгийг мэдэх байсан...
Өнөөдөр миний хуруунаас дуссан цусыг сорох хүн байхгүй. Чи байхгүй. Байгаагүй юм шиг л байхгүй болсон. Мөр чинь бүдгэрч, үнэр чинь арилж, дүр чинь хоосорч, хайр чинь замхарчээ. Час улаан сарнайн өнгө, үнэр, сүр жавхаа бүгд арилж. Харин өргөс л яг хэвээрээ. Анх хатгаж байсан тэр л иртэйгээ. Чиний сэтгэл дундарч хүсэл унтарсан ч зүрхэнд үлдээсэн өргөс чинь байсаар. Байх ч болно. Бас цусыг минь сорсоор...
- “Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Харамсалтай нь өргөстэй юм” гэж би хэлсэн. “Бидний хайр яг үүн шиг үзэсгэлэнтэй” гэж чи хариулсан. Харин тэгэхдээ өргөсний тухайд дурсаагүй. Бид хоёрын дурлал үнэхээр л тэр час улаан сарнай шиг байсан. Өнгө тансаг, үзэмж төгөлдөр. Толгой эргэж, тархи мансуурам анхилуун. Гэхдээ бас хэсэгхэн зуурын дараа сайхан бүхэн нь хагдрах нь ч үнэн байсан. Үнэт чанараа бүгдийг нь гээж нүцгэн үнэнээ харуулах атал өргөсөө ихэмсгээр сэрийлгэх энэ хатсан сарнай. Залуу халуун насандаа талимааран гунхаж, олон эрсийн омог бахдлыг бадрааж явсан гоо бүсгүй, үүдэн шүдгүй болтлоо өтлөсөн мөрт үрчгэр нүүрэндээ баймгүй бардам зан гаргах шиг хатсан бор мөчир - цагтаа час улаан сарнай. Амь насаа ч харамлахгүй гэж амлаж явсан чиний дурлал шиг, мөнхөд бадамлах нар гэж андуурч явсан ч удалгүй унтарч бөхсөн лааны гэрэл – цагтаа час улаан сарнай..
Яг л залуу нас, хуурамч дурлал шиг нас богино үзэмж төгөлдөр час улаан сарнай...
No comments:
Post a Comment