Бүсгүй хүн бүрийн цүнхэнд зайлшгүй байх ёстой 9 зүйл
Таны цүнх ямар ч брендийн, ямар ч амьтны арьсаар хийгдсэ чансаатай эд байж болно. Харин дотор нь алхам тутамд тань чухал хэрэгцээтэй зүйлс байдаг болов уу?
1. Гар ариутгагч - Ялангуяа үргэлж бэлэн мөнгөтэй, бас хүмүүстэй харьцдаг, өглөө оройдоо нийтийн унаагаар зорчдог, тоосжилт ихтэй орчинд ажилладаг бүсгүйчүүдийн хамгийн сайн найз нь гар ариутгагч байх ёстой юм шүү. Ахуйн нөхцлөөр дамжиж халдварладаг өвчин өдөр ирэх тусам олшроод байгаа тул хувь хүнийхээ соёлын талаас ч, ариун цэвэр, эрүүл мэндийнхээ талаас ч цүнхэндээ гар ариутгагчтай яваарай.
2. Аспирин, шархны лент - Гарын дорх, хамгийн олдоц сайтай, бас олон талын үр дүнтэй эм гэвэл Аспириныг л хэлэх байх. Ажил хийж байгаа үед толгой гэнэт өвдөх үе гарахыг алийг тэр гэх вэ. Бас цаас зүсч байгаад гараа эсгэчих тохиолдол ч тоо томшгүй. Нэг бол шинэ авсан гутал тань хөл холгож магадгүй. Тиймээс энэ хоёрыг гарын дор аваад явж байхад хэзээ ч илүүдэхгүй.
3. Хоёр бал, нэг жижиг дэвтэр - Шинэ бизнесийн санаа, дэлгүүрээс цуглуулах хүнсний жагсаалт, амжуулах ажлын төлөвлөгөө зэргээ тэр дор нь тэмдэглээд авчихвал мартаж санахгүй амар биш гэж үү? Харин бал алдагдаж, үрэгдэхдээ их амархан учраас нэгийг нь золиосонд нөгөөг нь жинхэнэ албан хэрэг хөтлөлтөнд ашиглах зорилгоор хоёрыг авч явах нь орчин үеийн эмэгтэйчүүдэд тохиромжтой.
4. Мини тонгорог - Олон талаараа ашиглагдаж болдог тонгорог нь найзынхаа төрсөн өдөр лүү яарч явахдаа таксины ард бэлгээ бооход хэрэг болно. Түүнээс гадна хаа нэг газар “охидын” үдэшлэг дээр виноны бөглөө мултах хэрэг гарвал онгойлгогч таны цүнхэнд бэлэн гэсэн үг. Гэнэтийн зугаалганд явах болоход талх, хиамаа зүсэх тал дээр санаа зоволтгүй. “Хүйтэн” зэвсэг хэмээн та цааргалж болох ч, эмэгтэй хүнд тонгорогны хэрэг эр хүнээс дутуугүй гардаг.
5. Жижиг толь - Эмэгтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой зүйл бол яахын аргагүй толь мөн. Таны шүдэн дээр уруулын будаг наалдчихсан байгааг сайн найз тань санаа нь зовоод хэлэхгүй байж болно. Эсвэл нойрмоглож боссон өглөө нүднээс тань нуух гарчихсан байгааг туслах тань хэлэхгүй байж болно. Харин энэ бүгдийг чин үнэнээр нь харуулж, таныг эвгүй байдлаас аврах зэмсэг бол толь юм.
6. Бохь/ Гаа - Өдрийн хоолондоо сармистай шөл уусан юм биш биз? Эсвэл өдөржин ажилласны дараа таалагддаг залуутайгаа болзоонд явах гэж байгаа юу? Тийм бол цүнхнийхээ урд халаасыг нээгээд нэг гаа хүлхчихэд л бүх юм ОК! Бидэн шиг яаруу сандруу хүмүүст үүн шиг найдвартай “түргэн тусламж” үгүй.
7. Үсний сам/ боолт/ хавчаар - Заримдаа үсний хавчаараа мартсанаас болоод өдөржин бороонд норж сэгсийсэн үстэй явах нь бий. Тиймээс эмэгтэй хүний цүнхнээсээ салгаж боломгүй эд зүйлсийн нэг бол үсний хэрэгслүүд билээ.
8. Уншууртай халаасны ном - Заавал ном гэхийн оронд нимгэхэн хөнгөн сэтгүүл ч байсан болох юм. Бүсгүйчүүд бид ямар нэг юм хүлээх, урт дараалалд зогсох хоорондоо хөгжилтэй юм уншиж, сэтгэлээ сэргээвэл сайхан биш гэж үү? Заримдаа энэ нь өдрийн эрч хүчийг нөхөхөд ч хэрэг болдог. Та ямартай ч туршаад үзээрэй.
9. Гутал өнгөлөгч - Чухал ажлын хамтрагч, хайртай хархүүдээ шороо дарсан гутлаа харуулахыг хүсэхгүй л биз дээ. Хэдхэн грамм гутал өнгөлөгч порлон таны өдрийг тэр чигт нь аварна.
Та энэ нийтлэлийг уншаад дэмий толгойгоо дохин суулгүй, шуудхан босоод цүнхэндээ дээрх зүйлсийг хийгтүн. Гаранд тань нэг их ачаа нэмэхгүй атлаа, амьдралын нарийн ширийн асуудлуудад ямар их хань болдгийг нь та мэдрэх болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment